Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх Justice клубын нэгдсэн зөвлөлтэй хамтран сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд оролцогчид тогтвортой хөгжил, агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, ой болон ан амьтны хамгаалал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг хөндөн, өөрсдийн судалгаа, үзэл бодол, шийдэл, санал санаачилгаа танилцуулж, илтгэл тавьсан юм.
Шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байрт Налайх дүүрэг дэх политехник коллежийн сурагч А.Маралцэцэг, дэд байрт 119 дүгээр сургуулийн сурагч О.Азжаргал, гуравдугаар байрт 103 дугаар сургуулийн сурагч Г.Отгондаваа нар шалгарлаа.
Мөн 103 дугаар сургуулийн сурагч С.Цэлмүүн, Б.Амарзол, Налайх дүүрэг дэх политехник коллежийн сурагч Х.Мерилен нар тусгай байр эзэлж, амжилттай оролцов.
Тус уралдаан нь хүүхэд, залуусын байгаль орчны өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тулгамдсан асуудлыг судлан, түүнийг шийдвэрлэх гарц боломжийг эрэлхийлж, өөрсдийн дуу хоолой, санал санаачилгыг илэрхийлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар