Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Миний эрх – миний дуу хоолой" сэдэвт рийл бичлэгийн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчид, Налайх Политехник коллежийн оюутнууд идэвхтэй оролцлоо.
Сурагчдын хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг таниулах зорилготой тус уралдаанд оролцогч хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, эрхзүйн мэдлэг, нийгмийн асуудалд хандах хандлагыг бүтээлчээр илэрхийлжээ. Тухайлбал хүний эрхийн ойлголт, хүүхдийн эрх хамгаалал, цахим орчин дахь ёс зүй, үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг өсвөр насныханд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, тэдгээрийн хор уршиг, үр дагаврыг онцлон харуулсан байна.
Уралдааны нэгдүгээр байрт 119-р дүгээр сургууль Justice club, хоёрдугаар байрт 109-р сургууль 10-1 анги, гуравдугаар байрт Өсвөрийн сэргийлэгчид, тусгай байрт Налайх Политехник коллежийн оюутнууд тус тус шалгарлаа. Байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйл гардуулав.
Дүүргийн прокурорын газраас шалгарсан бүтээлүүдийг олон нийтэд түгээн сурталчилж, хүүхдийн оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн ач холбогдлыг таниулж ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар