Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд төрийн болон хууль, эрх зүйн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй хүргэх, хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Налайх дүүргийн төр, захиргаа болон хууль, хяналтын байгууллагууд нэгдсэн байдлаар оролцож, байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийг иргэд, олон нийтэд танилцуулан сурталчилж, 200 гаруй иргэний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээж, чиг үүрэг, үйл ажиллагааныхаа онцлогийг харуулсан богино хэмжээний видео бичлэгийг иргэд, олон нийтэд танилцуулсан юм.
Тухайлбал, оролцогч байгууллагуудаас нас барсан иргэний эзэмшиж байсан “1072 хувьцаа”, ногдол ашгийг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, “E-Mongolia” цахим үйлчилгээний талаарх мэдээлэл, шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, Налайх дүүргээс Хилийн цэрэгт алба хааж буй дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсаар холбох үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар