Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг иргэдэд таниулан сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх хэлтэстэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр 7-14 насны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдлийн эрх” сэдэвт гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан, сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Хүүхдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа вэ?” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж, оролцогчдод дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Мөн тус прокурорын газраас олон нийтэд нээлттэй хүргэж буй мэдээллийн санг ашиглах, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн системээс лавлагаа, мэдээлэл авах “Иргэдэд нээлттэй мэдээллийн сан”-ийн талаар танилцуулж, хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгч ажилласан байна.
Өдөрлөгт оролцсон 300 гаруй хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоомуудыг байршуулж, үнэ төлбөргүй тоглуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар